Израиль улс Иран руу довтлох болсон шалтгаан юу байв?
Анд нөхдийн мэдээ
2025-06-16
Өнгөрсөн долоо хоногт Иранд хийсэн Израилийн агаарын довтолгооны цар хүрээ төсөөлснөөс их байлаа. Тус цэргийн ажиллагааг Израиль "Өсөн томорч буй арслан" гэж нэрлэжээ. Арслан нь еврей ард түмнийг бэлгэддэг. Хуучин Гэрээнд "Энэ ард түмэн эмэгчин арслан мэт түрхрэн босож, эрэгчин арслан шиг олзоо тасдан идэж, цусыг ууж дуусахаас нааш хэвтэхгүй” гэсэн хэллэг байдаг. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ мөрүүдийг мэдэхгүй байх учиргүй юм. Израиль улс юуны учир Иран руу довтлох болов?
Нэгдүгээрт, цэргийн шалтгаан бий.
Ираны цөмийн хүчин чадал бүрэн хэмжээний цөмийн зэвсэгтэй болох шатанд хүрсэн гэж Израиль дүгнэсэн. Олон улсын атомын энергийн агентлаг саяхан Иран улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг (NPT) ноцтой зөрчиж байна гэж мэдэгдлээ. Тиймээс тэднийг хүчээр ч болов хазаарлахгүй бол оройтно гэж бодсон байж болох талтай.
Хоёр дахь нь дипломат сэдэл.
Газын зурвасын нөхцөл байдал хурцадсанаас болж Б. Нетаньяху дипломат ганцаардалд орсон. Түүний итгэн хүлээж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн ашиг сонирхолд харшлах шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. Хамгийн гол нь АНУ Ирантай цөмийн хэлэлцээр хийж, урдын хориг арга хэмжээг зөөлрүүлж, Ираны цөмийн ил тод байдлыг бэхжүүлэх тухай ярилцах болсон. Хэлэлцээр тэдний хүссэнээр өндөрлөвөл Израилийн хувьд сүйрэл болно. Хэрвээ хориг арга хэмжээгээ цуцалбал Иран эдийн засгаа сэргээж, бүс нутагт зэвсэгт хүчээ улам бэхжүүлнэ гэж Израиль үзэж буй. АНУ-Ираны цөмийн зургаа дахь хэлэлцээр эхлэхээс хоёр хоногийн өмнө Израиль Иран руу дайрсан бөгөөд эцсийн дүндээ хэлэлцээр тодорхойгүй байдалд орсон.
Гурав дахь нь дотоодын улс төрийн шалтгаан юм.
Б.Нетаньяху авлига, хээл хахуулийн хэргээр шүүгдэж байгаа бөгөөд бас 2023 оны аравдугаар сард ХАМАС бүлэглэлийн террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүйн хариуцлагын асуудал яригдаж байна. Саяхан түүний ойр дотны хүмүүс Катарын хааны гэр бүлээс их хэмжээний мөнгө авсан гэх дуулиан дэгдээд байна. Хамтарсан Засгийн газрын байр суурь ч ганхаж эхэлсэн. Хэт ортодокс еврейчүүдийг цэрэгт татсан асуудал нь шашны намын удирдагчдын дургүйцлийг нэмэгдүүлэв. Агаарын довтолгоон эхлүүлэхээс нэг өдрийн өмнө парламентыг тараах санал хураалтад Б.Нетаньяху нэг саналын зөрүүгээр эвслийн Засгийн газраа авч үлдэж чаджээ. Түүний Ирантай харилцах замаар дотоодын улс төрийн хямралыг даван туулах санааг үгүйсгэх боломжгүй юм.
Б.Нетаньяху болон цэргийн албан тушаалтнуудын мэдэгдлээс харахад тэрбээр Ираны цөмийн хөгжлийг зогсоож, дэглэмийг бүрэн өөрчлөхийг зорьж байгаа бололтой. Ираны одоогийн дэглэмтэй зэрэгцэн орших боломжгүй гэж тэр үзэж байна. Дэд бүтцэд агаараас цохилт өгөх ажиллагаа үргэлжилбэл Ираны эдийн засаг тэсч үлдэхэд хүндрэлтэй болно. Энэ бол Ираны дэглэмийг сүйрүүлэх Израилийн хувилбар юм. Гэхдээ энэ амаргүй байх болно. Иран бол Ойрхи Дорнод дахь цэргийн хүчирхэг орон. Хэдийгээр Ираны агаарын хүчин, агаарын довтолгооноос хамгаалах сүлжээ нь Израилийнхаас доогуур боловч пуужингийн хүчин чадал нь илүү юм.
Өөр нэг эмзэг цэг нь Д. Трамп.
Д.Трамп Ираны эсрэг халдлагад нэгдэх Б. Нетаньяхугийн хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд бүр эсрэгээр нь Ирантай хэлэлцээ хийж эхэлсэн. Гэвч хэлэлцээ мухардалд орж, Б.Нетаньяху энэ завсар зайг далимдуулан Иранд агаараас цохилт өгчээ. Энэ үйлдлийг Д.Трамп чимээгүй ажиглаж, улмаар Иранд шахалт үзүүлж, дипломат арга замаар шийдвэрлэхийг хүлээж буйгаа мэдэгдсэн байна. Хэрэв Иран АНУ-ын цэргийн бааз, гадаадын элчин сайдын яамд руу довтлох, Израилийн “Димона” цөмийн байгууламж руу дайрах зэрэг эрсдэлтэй хэмжээ авч эхэлбэл Ойрхи Дорнод бүхэлдээ дайнд татагдан орно. Энэ тохиолдолд АНУ Израильтай мөр зэрэгцэн тэмцэхээс өөр аргагүй болно. Энэ бол Израилийн хамгийн их хүсч буй хувилбар юм.
Израиль юунаас эмээдэг вэ?
Израиль нь цөмийн зэвсэгтэй Иранаас айдаг шиг ирээдүйн өндөр хөгжилтэй Иран улсаас эмээдэг. Иран нь Израилаас арав дахин их хүн амтай, байгалийн асар их баялагтай, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. Хэрэв Иран АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулж, бас хориг цуцлагдвал эдийн засаг нь хурдан сэргэж, бүс нутагтаа ноёрхлоо тогтоох боломжтой болно. Иран улс Д.Трамптай хэлэлцээ хийж, ирээдүйг харсан цөмийн тохироонд хүрвэл Б.Нетаньяхугийн байр суурь мэдэгдэхүйц хумигдана. Гэхдээ ийм зүйл тохиох магадлал бага юм.
Эх сурвалж: Chosun.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.